ӨМНӨД МОНГОЛЧУУДЫН НУТАГ БЭЛЧЭЭРЭЭ ХАМГААЛАХ ӨДРИЙГ УГТСАН УРИАЛГА


2011.5.11-нд Шилийн гол аймгийн Үзэмчин баруун хошууны малчин, нутаг бэлчээрээ хамгаалан тэмцэгч Мэргэнийг бэлчээр нутгийг дураар сүйтгэн нүүрс тээвэрлэгч хятадууд зэрлэгээр амь насыг нь хөнөөсөн аймшигт хэрэг гарсан билээ. Үүний дараа өмнөд монголчууд 1981оны Сурагчийн хөдөлгөөнөөс хойш үзэгдээгүй их эсэргүүцэл жагсаалыг өрнүүлэн түрхэрсэн. 2011.5.10-наас хойш өмнөд монголчууд зоригжин эрсэлж, бэлчээр нутаг, нүүдэлчин ахуйнхаа төлөө тэмцлийн шинэ үе шатыг эхлүүлж, маш идэвхтэйгээр эвлэлдэн нэгдэж, жагсаал цуглаан, суулт, тайвнаар болон хүчээр саад хийх, зам хаах, зарга, мэдээлэл түгээх, засгийн ордон руу дайрч орж дарга нарт шаардлага тавих гээд хэдэн зуун эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулж ирсэн билээ.

Ноднин жил өмнөд монгол малчид нэгэн чухал санал дэвшүүлсэн. Тэр нь малчин Мэргэн амь эрсэдсэн өдрийг Өмнөд монголчуудын нутаг бэлчээрээ хамгаалах өдөр болгоё гэсэн утгатай билээ. Энэ саналыг олон хүн дэмжиж, 2017 оны тэр өдөр янз бүрийн улс хотуудад эсэргүүцлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулсан.

Тэгвэл 2017.12.18-нд Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд монгол хэлийг заахыг хорьсон тухай мэдээлэл түгж, 12.25-нд Онниуд хошуунд болох байсан малчдын жагсаалыг их цагдаа техник ашиглан таслан зогсоож, зохион байгуулагчдыг нь барьж саатуулж, 12.27-нд Тунляо хотын Жарууд хошууны Өлзиймөрөн сумын Баянтүмэн гацааны 35 монгол малчдад ял оноож цочирдуулсан. Малчин Мэргэний дараахи идэвхтэй их тэмцлийн үеийг ийнхүү хүчээр хааж зогсоов уу гэмээр санагдах болсон. Түүнээс хойш малчдын ямар нэг эсэргүүцлийг гаргуулахгүй гэж маш хатуугаар Хятадын нам засгаас тэмцдэг боллоо.

Хятад улсад авлигын эсрэг их тэмцэл хийж байна гэж их яригддаг. Гэтэл Өмнөд Монголд малчдыг хохироосон хэрэгт авлигач түшмэдүүд, тэдний хань хамсаатнууд шийтгэгддэггүй, авлигын эсрэг тэмцсэн малчид л шийтгэгддэг нь зүй тогтол болжээ. БНХАУ-д авилга нь хятадуудыг хохироовол гэмт хэрэг, монголчуудыг хохироовол гэмгүй хэрэг болдог аж. Өмнөд Монголд Хятадын төр малчдаас авлигыг хамгаалах тэмцлийг өрнүүлж байна.

Цэрэг, улс төр, эдийн засгийн аргаар том үндэстэн өөрөөсөө бага үндэстний хүн ард, хэл соёл, аж төрлийг устгаж, газар нутаг, байгалийн баялгийг нь булаан эзэмшихийг дэлхий даяараа колоничлол гэдэг. Өмнөд монголчуудын хувьд тийм л үйл явц хэрэгжиж ирлээ.

Өнөөдөр Өмнөд Монголд болж буй харгис явдлууд нь геноцидийн шинжийг агуулж байна. Өмнөд монголчуудыг монгол яс үндэстэйн төлөө, монгол нутгийнхаа эзэн болохынх нь төлөө, монгол ахуй уламжлалаараа амьдрахыг хүссэнийх нь төлөө устган үгүй хийх үйл ажиллагаа явагдаж байна. 1948 оноос геноцид нь НҮБ-аас олон улсын гэмт хэрэг гэж тооцогддог болсон билээ.

Өмнөд Монголд 1966-1976 он буюу Хятадын Соёлын их хувьсгалын үеэр, “Өвөр ардын намыг малтах хөдөлгөөн” нэртэй монгол үндэстний эсрэг харгислан хэлмэгдүүлэлт гаарч, өмнөд монголчуудыг болон, соёл иргэншил, аж ахуйг нь аймшигтайгаар устгах бодлоготой кампани зохион байгуулагдсан болно. Энэхүү Өмнөд Монголын эсрэг геноцид (аймаглан устгах) гэмт хэргийг ӨМИХ ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт бүртгүүлэх санаачилга гаргаж буйгаа ноднин мэдэгдсэн. Холбогдох ажлуудыг ӨМИХ хийсээр ирлээ.

Тэгвэл харамсалтай нь өнөөдөр өмнөд монголчуудын хувьд ахин Соёлын хувьсгал явагдаж байна гэж малчид халаглан хэлэх болжээ. Дурсамж болсон үйл явдал давтагдан бодтой болж байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг НҮБ баталсны 80 жилийн ой энэ жил болох гэж байна. Өмнөд монголчуудын эрхийг дээд зэргээр зөрчиж ирснээр Хятадын нам засаг энэ их ойд нэгэн “бэлэг” барьж байна.

-Байдал нэгэнт ийм ноцтой болсон тул өмнөд монголчуудыгаа дэлхийн ахан дүү монголчууд, дэлхийн шударга улс түмэн, байгууллагууд зүтгэлтнүүд, хэн бүхэн өмгөөлж хамгаалан, энэ 5-р сарын 10-ны өдөр хүч эрчимт дуу хоолой, хүнлэг энэрэнгүй зүрх сэтгэлээ нэгтгэхийг уриалж байна!

-Урьд урьдаас илүү өргөн цар хүрээтэйгээр эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулахыг уриалж байна!
Хятадын төр засагт хандан:

-Хүний эрхийн түгээмэл тунхаглалын зүйл бүрийг өмнөд монголчуудын хувьд бүдүүлгээр, улам өсөн нэмэгдэж буй хэмжээгээр зөрчиж буй явдлыг таслан зогсоохыг шаардаж байна!

-Өмнөд монгол малчдын эрхийг бодтойгоор нэмэгдүүлэн хэрэгжүүлж, үгийг нь хууль ёсоор сонсож, хүлээж авч, ажилдаа тусгаж байхыг шаардаж байна!

– 2017 онд баригдаж хоригдсон Ин Гэ, Ман Лиан, Бао Гуниан, Хай Вэнмин, Ургамал зэрэг янз бүрийн аймаг хошууны болон, Өлзиймөрөн сумын Баянтүмэн гацааны У Тиэдан, Жин Хайша, Боржигин Цэнгэлт, Өлзийт, Шуан Ши, Цэцэнбат, Маду, Буян, Саранцогт нарын 9 малчныг даруй цагаатган суллахыг шаардаж байна!

-Өмнөд Монголд гаарсан, малчин монголчуудыг олноор нь хохироосон авлигатай шийдэмгий тэмцэж, авлигач түшмэдүүд болон хээл хахууль өгдөг зальхай шунахай этгээдүүдийг хатуу гэсгээн цээрлүүлэхийг шаардаж байна!
-Малчин өмнөд монголчуудын аливаа хохирлыг барагдуулж, нөхвөрийг олгохыг шаардаж байна!
Өмнөд монгол малчдын хүний эрх мандан бадрах болтугай!

Өмнөд Монголын Их Хуралдай
2018.04.28

Comments