ӨМНӨД МОНГОЛД МАЛ БЭЛЧЭЭХИЙГ ХОРИХ НЬ ӨРГӨН ХАРГИСЛАЛ БОЛЖ ХУВИРЧ БАЙНА


5-р сарын 18-нд Тунляо хотын Хорчин зүүн гарын дунд хошууны Баянтал балгасанд монгол малчны үхрийг цагдаа нар хүзүүнээс нь уяж унагаад, машинаар чирж боож алсан видео түглээ. Өнөөдөр Өмнөд Монголд мал бэлчээхийг хорих нь улам ихсээд байгаа билээ. Өмнө нь бэлчээхийг хорьсныг зөрчсөн гээд малыг барьж аваачаад нядлах, зарим тохиолдолд нүх, гуу жалга руу юм уу өндрөөс шидэх, унагах, машинаар дайрах, бүр буудах тохиолдлууд гарч байсан. Гэтэл боож алсан шинэ хэрцгий явдал гарлаа.

Бэлчээрийн хоригийг сахиулах цагдаа гэж малыг харгислан устгадаг тусгай цагдаа нар ч буй болов. Тэд онцгой дураараа, хэрцгий авирладаг бөгөөд, мал алж устгах сонирхол ихтэй. Дараа нь алсан малынхаа махыг хувааж иддэг, зардаг ажээ.

https://www.facebook.com/borzgn.delhii/posts/405212983278190

Бэлчээрийн хоригийг сахиулах цагдаа нар үхэр боож алав.

5-р сарын 13-нд Шилийн гол аймагт бэлчээрийн хоригийг зөрчсөн гэж малчин эмэгтэйг машин дор оруулж, гишгүүрээс гавласан харгис явдлыг харуулсан видео түмэн олныг цочирдууллаа. Өөр эмэгтэйг мөн гавлаж машин дотор суулгасан байв.

https://www.facebook.com/almaz.sharnuud/posts/2074348342811743

Малчин эмэгтэйг машин дор оруулж, гишгүүрээс гавлажээ.

Бэлчээрийн хоригийг зөрчсөн малчин эмэгтэйг гавлажээ.

4-р сарын 19-нд Шилийн гол аймгийн Авга хошууны малчин Янжиндулам Монгол улсад консулын газраас авсан визээрээ нэвтрэх гэтэл, шууд Хятадын хилийнхэн саатуулж, тээшийг нь булааж, өөрийг нь хүчээр авч явж, цагдаа нарт тушаажээ. Цагдаа нар хүчээр авч явж, нутагт нь буцаан, гэрийн хорионд оруулсан. “Паспорт чинь хар дансанд орсон учир битгий гарга, харж хяна гэж дээрээс хэлсэн, бид мэдэхгүй” гэжээ. Дээд шатанд хандах гэхээр гэрийн хорионд оруулчихсан учир бүтдэггүй.

4-р сарын 26,30-ны өдрүүдэд хийсэн бичлэгтээ малчин Янжиндулам: “Мөнхөд ивгээх нутаг усаа хятадуудад өгсөн хүн нэгэн үеэр ч жаргахгүй. Хэдхэн цааснаас болж нутаг усаа алдчихаад, хятадуудын хог новшийг түүх, хөлийг угаах, баас шээсийг зөөх зовлон гутамшигт амьдралтай болчихсон хүн зөндөө л байна. Новш түүж өдөрт 100 юань олоод баярладаг хүн байна. Харин би бол хүн ч биш, чөтгөр ч биш, боол ч биш амьдралаар амьдрахыг хүсэхгүй. Намайг албал алаг. Би одоо тэмцлийг нэн хурц ширүүнээр хийнэ. Дундад улсад ямар ч ардчилал, хүний эрх алга. Дээд шатанд сайхан юм хэлдэг ч, дунд шатныхан ингэж хэрэгжүүлж байна. Миний өнөөдөр та нарын маргаадар” гэж ярьсан билээ.

https://www.youtube.com/watch?v=sSSfcz5HUg0

https://www.facebook.com/almaz.sharnuud/posts/2068317903414787

Малчин Янжиндулам.

Өмнөд Монголын малчид мал бэлчээхийг хориглож буйг эсэргүүцэн ил захидал бичиж, дэмжлэгийн гарын үсэг цуглуулж байна. 5-р сарын эхээр түгсэн, ӨМӨЗО-ы засгийн газар болон, ӨМӨЗО-ы Хөдөө аж ахуй, мал аж ахуйн яаманд хандсан эсэргүүцлийн захианы агуулгыг товч хэлбэл:

-Байгаль хамгаалах, сэргээх нэрийн дор БНХАУ-ын засгийн газар, ХКН-ын төв хорооноос сүүлийн хорин жилд малыг хүчээр хаших, бэлчээхийг шууд хорих, тоо толгойг бүдүүлгээр хязгаарлах алдаатай бодлого явуулж буйг даруй таслан зогсоохыг шаардаж байна. Үндэслэл тооцоогүй энэ бодлого сүйрэлд хүргэж байна. Байгаль хамгаалагдах сэргэх биш улам доройтон мөхөж, төрийн зардлыг үргүй хийсгэж, малчдыг нэн ядууралд хүргэж байна. Ядуурлыг бууруулах, баян нийгэм байгуулах уран сайхан уриа лоозонтой энэ нь эсрэгцэж байна.

Малыг бэлчээхийг нэг хоёр сарын хугацаагаар хорьсноор экосистем сэргэнэ гэдэг нь ямар ч утга учиргүй юм. Мал бэлчээхийг хорьсны нөхөн олговор гэж улсаас гурав хоног тэжээл авах мөнгө л өгдөг. Байгаль хамгаалъя гэвэл дараахи үнэн шалтгаануудыг мэдэж, зохих арга хэмжээг авах хэрэгтэй.

1. Уугуул монголчуудын нутагт төрөөс хятадуудыг ихээр цагаачлуулж байна.

2. Хяналтгүй, өргөн цар хүрээтэй уул уурхай усны нөөцийг хомсдуулж, байгалийг бохирдуулж, тоосжилтыг ихэсгэж, Өмнөд Монголын байгалийн унаган нөхцлийг бүрэн устгаж, хүн амьтан оршиход бэрхтэй болгож байна. Хуулинголын, Шилийн голын, Зүүн Сөнид хошууны Манлайн, Баруун Үзэмчин хошууны нүүрсний уурхайнууд болон Хойд Хятадын газрын тосны компаний олборлолын талбайнууд тод жишээнүүд юм.

3. Эмзэг нимгэн хөрс, бага хуртай Өмнөд Монголд хятадуудын хөдөө аж ахуйн том газрууд тохирохгүй байна.

4. Авлига, хээл хахууль хавтгайрсан, холбогдох том гэмт бүлэглэлүүд үүслээ. Уул уурхай, жуулчны компаниуд хур оруулахгүй гэж үүл их буудаж байна.

5. Нарны, салхины эрчим хүчний том газрууд их талбай эзэлж, чимээ шуугиан гаргаж, байгальд сөрөг нөлөөлж байна.

6. Усны нөөц бага атал төрөөс олон тариачин цагаачлуулсаар байгаа нь ган хуурайшилд хүргэж байна.

7. Өмнөд Монголд хорт үйлдвэр, аж ахуйг олноор байгуулж байна. Жишээ нь: Жарууд хошууны хөнгөн цагааны үйлдвэр, Ордосын байгалийн хийн үйлдвэр, Баяннуурын Ообулгийн хүнд металлын үйлдвэр, Онниуд хошууны гахайн ферм, Хөлөнбуйрын газрын тос боловсруулах үйлдвэр.

8. Өмнөд Монголд шийдвэр гаргаж буй хятад хүмүүс монголчуудын мал аж ахуйг мэдэхгүй тул алдаа гаргаж байна гэжээ.

Өмнөд Монголын их хуралдай






Comments